Эрдэнэ Монгол ХХК Шинэжинст сумын 534 хүүхдэд шүдний эмчилгээ хийх ажлыг зохион байгууллаа

Эрдэнэ Монгол ХХК Шинэжинст сумын 534 хүүхдэд шүдний эмчилгээ хийх ажлыг зохион байгууллаа

ТүгээхShare

Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд Шинэжинст суманд 2024 оны 11 дүгээр сарын 30-2024 оны 12 дугаар сарын 14 хүртэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд”14 хоногийн аяныг зохион байгууллаа. Баянхонгор аймгийн Шигтгээ дент шүдний эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн уг аяны хүрээнд Шинэжинст сумын сургуулийн өмнөх болон, ЕБС-ийн насны 534 хүүхдэд амны хөндийн оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн бөгөөд давтан үзлэг, эмчилгээг давхардсан тоогоор 628 хүүхдэд хийсэн байна.

Эрдэнэ Монгол ХХК өнгөрөгч аравдугаар сард сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон Шүдний кабинетыг тохижуулан өгсөн. Сумын Эрүүл мэндийн төвд шүдний нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч байхгүйн улмаас шүдний кабинетыг бүрэн ашиглаж чадахгүй байсан юм. Иймд Баянхонгор аймгаас шүдний эмч нарыг урьж ажиллуулан сумын хүүхдүүдэд амны хөндийн анхан шатны эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ажлыг Эрдэнэ Монгол ХХК зохион байгуулсан юм.

Говийн хатуулаг ихтэй усыг олон жил хэрэглэснээс үүдэлтэй амны хөндийн өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтой ажлыг зохион байгуулсан хэмээн сумын иргэд ам сайтай байгааг аяны хүрээнд хэлж байлаа.