Шинэжинст сумын иргэн У.Данаажав одоо дөнгөж 25 настай ч төрөлх сумандаа блокны үйлдвэрлэл эрхлээд аль хэдийн 3 жил болжээ.
Энэ хугацаанд 20 мянга гаруй блок үйлдвэрлэж, сумынхаа найман хүнийг авч ажиллуулдаг тэрээр жил ирэх тутам хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа тул тоног төхөөрөмжөө сайжруулж, хүчин чадлаа нэмэх шаардлага үүссэн. Энэ жил Эрдэнэ Монгол ХХК-ийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хаан банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүгүй зээл” хөтөлбөрт хамрагдсан. Зээлийн санхүүжилтээр сүүлийн үеийн блокны машин худалдаж авч, ирэх жилээс 3D блок үйлдвэрлэж эхэлнэ. Сумандаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдийг дэмжиж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь нүдээ олсон ажил болсон хэмээн ярьлаа.
Орон нутагтаа ажлын байр бий болгон, үйлдвэрлэл эрхэлж, үйл ажиллагаагаа жил тутам өргөжүүлэн төрөлх нутагтаа амьдарч буй манлайлагч залуусын нэгэн төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.