Орон нутагтаа амьдрах хүсэлтэй залууст ажлын байрны асуудал томоохон бэрхшээл болсон хэвээр байгаа. Шинэжинст сумын иргэн Х.Энхмаа ч мөн энэ асуудалтай тулгарч, ажил хийхийн тулд нөхрөөсөө тусдаа бага насны хүүхэдтэйгээ аймгийн төвд амьдарч байжээ. Тэрээр гэр бүлтэйгээ нэг дор байхын тулд сумандаа бизнес эрхлэхээр шийдэж, саяхнаас үсчин, гоо сайхны салон ажиллуулж эхэлсэн байна.
Эрдэнэ Монгол ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд Хаан банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүгүй зээл” хөтөлбөрт хамрагдсан тэрээр “Залуу гэр бүлийн хувьд тусдаа амьдрах хэцүү байсан тул бизнес эрхлэхээр шийдэж, Эрдэнэ Монгол ХХК-иас зарласан “Хүүгүй зээл” хөтөлбөрт төсөл бичиж асуудлаа шийдэж чадсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эрдэнэ Монгол ХХК иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих хүрээнд энэ жил "Хүүгүй зээл" хөтөлбөрийг хэрэгжүүлж Шинэжинст сумын 8 иргэн, 2 ААН-д 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай олгосон. Өрхийн бизнес эрхлэгч иргэдийн хувьд зээлийн санхүүжилт бизнест нь ихээхэн тустай байгааг хэлж байна.