Монголын уул уурхай, хайгуулын салбараас гадаадын хөрөнгийн биржүүдэд сайн танигдсан хоёр компани Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн болон Монголиан Майнинг Корпорэйшн /MMC/ нар стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан байна. Түншлэлийн хүрээнд MMC нь Эрдэнэ Ресурсийн 2012 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй хайгуулын төслүүдэд нийт 40 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг тодорхой үе шаттайгаар хийхээр тохирчээ.
Эрдэнэ Ресурс компани Баянхонгор аймагт зэс, алт болон бусад өнгөт металлын хайгуулын төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд түрүүчээсээ Баян Хөндийн төслийг хайгуулаас ашиглалтад шилжүүлэн хөгжүүлэх шатанд яваа. Тус компани 2004 онд Канадын Торонтогийн хөрөнгийн биржид, харин 2018 онд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэж байсан онцлогтой.
MMC нь Энержи Ресурс ХХК-ийн толгой компани бөгөөд Монголд олон улсын зах зээлээс анх удаа дорвитой хөрөнгө татсан туршлагатай, уул уурхайн салбартаа үндэсний хувийн хэвшлийн томоохон төлөөлөл билээ.
Хайгуулын төслүүд хэрэгжиж буй Баянхонгор аймгийн хувьд аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүлээсээ 5-д буюу 17-р байранд эрэмбэлэгддэг, уул уурхай төдийлөн хөгжөөгүй, мал аж ахуйн суурилсан эдийн засагтай. Монгол Улсад аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь, Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг уул уурхай түлхүү хөгжсөн аймгууд тэргүүлж байна.
Нийт харилцан яриа