
“Эрдэнэ Монгол” ХХК нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Баянхонгор аймагт 3х3 сагсанбөмбөгийн олон улсын стандартын зөөврийн талбай байгуулж, орон нутагт хүлээлгэн өглөө.
Хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжлийн тамирчдыг төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү талбайг бүтээн байгуулсан. Ингэснээр Баянхонгор аймаг Монгол Улсын 21 аймгаас олон улсын стандартын 3х3 сагсанбөмбөгийн зөөврийн талбайтай болсон анхны аймаг болж байна.
Шинэ талбайн ашиглалтыг эхлүүлэх хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор хотын Баганат талбайд 3х3 сагсанбөмбөгийн тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгууллаа. Тэмцээнд хүүхэд, залуус өргөнөөр оролцож, шинэхэн талбайдаа ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
3х3 сагсанбөмбөг нь олимпын хөтөлбөрт багтсан, дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл бөгөөд Монгол Улсад ч сүүлийн жилүүдэд хүүхэд, залуусын дунд түгээмэл хөгжиж байна.Олон улсын стандартын зөөврийн талбай бий болсноор Баянхонгор аймгийн хүүхэд, залуус бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх, орон нутаг болон улсын хэмжээний тэмцээн уралдаанд оролцох боломж нэмэгдэхийн зэрэгцээ 3х3 сагсанбөмбөгийн спортыг орон нутагт цаашид хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж буйгаараа онцлог юм.





