Шинэжинст суманд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Шинэжинст суманд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Уншсан既読Read 5
ТүгээхShare共有する공유하기

Эрдэнэ Монгол ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 2025.10.18-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр компанийн үйл ажиллагаа, байгаль орчны хөтөлбөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлын мэдээлэл болон компанийн хүний нөөцийн бодлого, иргэдийн ажил эрхлэх боломжийн талаарх мэдээллүүдийг хүргэлээ.

Үүнээс гадна Шинэжинст сумын иргэдийн эзэмшдэг хувьцааны талаарх мэдээллийг шалгах, данс нээх үйл ажиллагааг зохион байгуулсан. Эрдэнэ Монгол ХХК Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын иргэдэд хувьцаа олгож байсан юм. Тиймээс  нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэдэд хувьцааны талаарх мэдээллийг өгч ажиллалаа. Мөн өнгөрсөн онд Хаан банктай хамтран хэрэгжүүлсэн өрхийн бизнесийг дэмжих зорилготой “Хүүгүй зээл” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг тайлагнах, бичил бизнес эрхлэгчдэд аргазүйн зөвлөгөө өгөхөөр “Хөгжлийн шийдэл” ТББ-ын мэргэжилтнийг урьж хамтран ажилласан юм. Компанийн зүгээс албан ёсны мэдээлэл хүргэсний дараа иргэд өөрсдийн сонирхож буй чиглэлээр хариуцсан ажилтнуудаас мэдээлэл авах, санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг ханган ажилласан.

Эрдэнэ Монгол ХХК иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор нээлттэй өдөрлөгийн хүрээнд залуусын дунд гар бөмбөг, ахмадуудын дунд софт волейболын тэмцээнийг зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр “Баянхөндий төслийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр” -т тэнцсэн оюутнуудын батламжийг тэдний ар гэрийнхэнд гардуулан өгсөн. Энэ жилийн тухайд  Шинэжинст сумын 29 оюутан бүтэн жилийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг хүртсэн юм. Мөн Хүнд машин механизмын мэргэжил эзэмшүүлэх операторын 9 дэх удаагийн сургалтад хамрагдах залууст батламж гардуулсан. 2025 оны арваннэгдүгээр сард болох уг сургалтад 20 залуу тэнцсэн бөгөөд тэд 30 хоногийн турш Ухаа худаг уурхайд онолын болон практик мэдлэгт суралцах юм. Сургалтад хамрагдсан залуус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх гардан авахаас гадна төгсөөд шууд ажлын байранд гарна.

Хоёр өдрийн турш зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт Шинэжинст сумын иргэд идэвхтэй оролцож, “Сүүлийн жилүүдэд нутаг оронд хийсэн ажлуудын талаарх мэдээллийг энд ирээд авлаа. Нутгийн залуус ажлын байртай болж байна. Цаашдаа уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөгжил сайжирна гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.