Эрдэнэ Монгол ХХК-ийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй "Хүүгүй зээл" хөтөлбөрт хамрагдсан Шинэжинст сумын иргэн Н.Дашдаваа хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ “Өрхийн бизнесийг дэмжсэн хөтөлбөр учраас зээлд өндөр шалгуур тавиагүй авахад хялбар байсан нь олзуурхууштай. Миний хувьд хувиараа дугуй засдаг байсан бол гарааштай болж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсоноор үйлчлүүлэгчийн тоо ч өссөн” гэлээ.
Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. 2024 онд Хаан банктай хамтран өрхийн бизнес эрхлэгч иргэдийг дэмжиж, тэднийг бизнесээ өргөжүүлж, ажлын байр, тоног төхөөрөмжөө сайжруулахад чиглэсэн "Хүүгүй зээл" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд Шинэжинст сумын найман иргэн, хоёр аж ахуй нэгжид тус бүр 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай хүүгүй зээлүүлсэн юм.
Хөтөлбөрийн анхлан зээлдэгчдийн тухайд үсчин гоо сайхан, кофе шоп-нарийн боовны цех, блок үйлдвэрлэл, дугуй засвар, хувцас засвар-оёдлын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд байгаа юм. Тэд зээлийн санхүүжилтийг ажлын байрны өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэгт зарцуулсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд томоохон дэмжлэг болсон үр дүнтэй хөтөлбөр болсон хэмээн дүгнэж байна.