Шинэжинстийн бичил бизнес эрхлэгчид "Хүүгүй зээл" хөтөлбөрийг үр дүнтэй болсон хэмээн дүгнэв

Шинэжинстийн бичил бизнес эрхлэгчид "Хүүгүй зээл" хөтөлбөрийг үр дүнтэй болсон хэмээн дүгнэв

ТүгээхShare

Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд энэ жил Хаан банктай хамтран Шинэжинст сумын иргэдийн жижиг дунд ба өрхийн бизнесүүдийг дэмжих зорилгоор "Хүүгүй зээл"  хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. 

Анхлан зээлдэгчдийн тухайд блокны үйлдвэрлэл эрхлэгч хоёр иргэн, оёдлын цех, нарийн боовны цех-кофе шоп, үсчин гоо сайхан, хүнсний дэлгүүр, зочид буудал, авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэд 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай үндсэн зээлээ төлж дуусгах нөхцөлтэй авсан юм. Бичил бизнес эрхлэгчид зээлийн санхүүжилтээ ажлын байраа өргөжүүлэх, бизнесээ тэлж,  бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх зэрэгт зарцуулсан байна.

Тухайлбал, блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  иргэн У.Данаажав нүхтэй блок,  Г.Даваа стандарт блок үйлдвэрлэж, Шинэжинст сумынхаа болон зэргэлдээх сумдын хэрэгцээнд нийлүүлж, амжилттай ажиллаж байгаагаа хэлж байлаа. Мөн гэрээрээ хувцас захиалгаар оёдог байсан иргэн Ш.Одгэрэл оёдлын цехтэй болсноор захиалга нэмэгдэж, ашиг орлого нэмэгдсэн гэв. 

Эрдэнэ Монгол ХХК-ийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүүгүй зээл" хөтөлбөрийг Шинэжинстчүүд үр өгөөжтэй хөтөлбөр хэмээн дүгнэлээ.