
Эрдэнэ Монгол ХХК нь үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, сурталчлан таниулах ажлын хүрээнд 2024 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчидтай хамтран ажиллаж, холбогдох үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж байна.
2024 онд “Central” телевизтэй хамтран “Монгол мазаалай” цуврал баримтат киног бүтээн олон нийтэд хүргэж, Баянхонгор аймгийн хүүхэд, багачуудын дунд танин мэдэхүйн сошиал уралдаан зохион байгуулсан. Мөн зэрлэг ан амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ уст цэгийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм байгуулах ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа юм.
2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Эгүүр” агентлагтай хамтран шинжлэх ухааны баримтат “Их говийн манаач” киног бүтээхэд ивээн тэтгэгчээр оролцсон. Мөн 2025 оны 6 дугаар сард Ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ-ын судлаач, доктор А. Баясгалантай хамтран “Эрдэнэ” нэрт мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүсэн. Тус мазаалай 11 дүгээр сард ичээндээ орж, 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ичээнээсээ гарч Хуцын шанд орчимд хөдөлгөөн хийж буй маршрут мэдээлэл бүртгэгдсэн.
Мазаалайг хүзүүвчилж, генетикийн судалгаа хийх нь түүний амьдралын хэв маяг, нутагшил, зан төлөвийн талаар үнэ цэнтэй мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлж, хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, тоо толгойг нарийвчлалтай тогтоох зэрэгт чухал ач холбогдолтой болохыг судлаачид онцолж байна.
Гэрэл зургийг: У. Ганбаяр (Хүрээлэн төсөл)



