Шинэжинстийнхэн шүдний кабинеттай болж, аймаг нийслэлийг зорих шаардлагагүй боллоо

Шинэжинстийнхэн шүдний кабинеттай болж, аймаг нийслэлийг зорих шаардлагагүй боллоо

ТүгээхShare

Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутагт тулгамддаг иргэдээс хамгийн их санал хүсэлт ирүүлдэг асуудлыг шат дараатай шийдвэрлэхийг зорьдог. Тэгвэл энэ удаа сүүлийн үед сумын иргэдийн дунд зонхилон тохиолдох болсон шүдний өвчлөлийг орон нутагтаа эмчлэх боломжийг бүрдүүлэхээр сумын ЭМТ-д иж бүрэн тоноглогдсон шүдний кабинетыг тохижуулан, хүлээлгэн өглөө. 

Говийн хатуулаг ихтэй усыг олон жилийн турш ууж хэрэглэснээс үүдэж иргэдийн дунд элэг цөс, ходоод, шүдний өвчлөл зонхилон тохиолддог. Сумын ЕБС-д хийсэн судалгаагаар 470 хүүхдийн 200 нь шүдний ямар нэгэн өвчлөлтэй байсан тул сумын удирдлага, Эрдэнэ Монгол ХХК-д санал тавьснаар Шинэжинст сум ийнхүү шүдний кабинеттай боллоо. Ингэснээр иргэд амны хөндийн цогц эмчилгээ, үйлчилгээг сумандаа авах боломж бүрдэж байна.

Шүдний кабинетад шүдний суурин иж бүрдэл, амны хөндийн камер, чулуу авагч, нано гэрлийн аппарат, шүлс сорогч, ус нэрэгч, сувгийн урт хэмжигч, ломбо хатууруулагч гэх мэт 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, үзлэгийн болон мэс заслын иж бүрэн багаж суурьлуулсан юм. 

Эрдэнэ Монгол ХХК-аас удахгүй шүдний нарийн мэргэжлийн эмч нарыг урьж, Шинэжинст суманд эмчилгээ, оношлогоо хийх өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд байна.